Цагдаагийн алба хаагчийн биед халдаж хүч хэрэглэсэн бол гэмт хэрэгт тооцно

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.04.19-ний өдрийн №40 шийдвэр

Шүүхийн шийдвэрийн тойм №06,    2023.06.02

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэт шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Дүүргийн прокурорын газраас иргэн М-ыг цагдаагийн алба хаагчийг ажил үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хуульд хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн бол гэмт хэрэгт тооцдог.

Мөн Эрүүгийн хуульд “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж заасан.

Шүүхээс М-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цагдаагийн алба хаагчийн “таны гэр хаана байдаг бэ? гэрт чинь хүргээд өгье” гэж хэлснийг эсэргүүцэж, түүний нүүрэн тус газар гараараа 1 удаа цохиж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

Эрүүгийн хуульд энэ гэмт хэргийг үйлдсэн хүнд 2.700.000-14.000.000 төгрөгөөр торгох, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульд заасан.

М-нь урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж шүүхээс оногдуулсан торгох ялаа бүрэн төлж барагдуулсан боловч тэрээр урьдчилан мэдэх тооцоолох боломжгүй гэнэт үүссэн болон гадны объектив хүчин зүйлүүдийн нөлөөнд автаж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнээгүй ба шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлдэггүй хувийн байдлыг харгалзан шүүхээс М-д 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн.

 

Шийдвэрийг бүтнээр үзэх бол: https://shuukh.mn/single_case/87501?daterange=2023-01-01%20-%202023-05-30&id=1&court_cat=2&bb=1

 

Тойм бэлтгэсэн: Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Байгалмаа

 

Холбоос

© 2023 он. Багануур дүүргийн шүүх. All rights reserved.