Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн шүүгчийн шийтгэвэр №174 ЗШ
Шүүхийн процессын тойм №06, 2023.06.02
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Дүүргийн Цагдаагийн хэлтсээс С.С-г “Хулгайлах” зөрчилд холбогдуулан шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авахуулах саналтайгаар хэргийг шүүхэд ирүүлжээ.
Хулгайлах зөрчлийн үндсэн шинж нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд зүйлсийг холбогдогч этгээд нь хувийн шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц, далд аргаар авдаг. Тодруулбал тухайн этгээд бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог.
Гэтэл хохирогчийн мэдүүлгийг дүгнэхэд холбогдогч С.С-нь хохирогчийн халаасанд байгаа гар утсыг ил аргаар хохирогчийн нүдэн дээр харсаар байтал хүч хэрэглэхгүйгээр авч зугатаасан үйл баримт тогтоогдсон.
Шүүхээс хэргийн үйл баримт, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг харьцуулан дүгнээд Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэсээс Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн С.С-д холбогдох зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Байгалмаа
© 2023 он. Багануур дүүргийн шүүх. All rights reserved.