Хариуцагчаар хэнийг тодорхойлох нь нэхэмжлэгчийн эрх.

 

Иргэн Доржийн эхнэр Цэцгээ банкнаас 2 удаагийн цалингийн зээл авсан бөгөөд 2018.06.14-ний өдөр 15,200,000 төгрөгийг, 2018.12.05-ны өдөр 3,000,000 төгрөгийн цалингийн зээл   тус тус авчээ.

Эхнэр Цэцгээ жилийн дараа авто ослын улмаас нас барсан.

3 жилийн дараа банк нөхөр Доржоос 2 удаагийн цалингийн зээлийн  төлбөрт 26,000,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нөхөр Дорж банкнаас нэхэмжилсэн мөнгийг төлөхгүй хэмээн маргасан бөгөөд “Миний эхнэр Цэцгээ нь бусдын гэм буруутай үйлдлийн улмаас зам тээврийн ослоор нас барсан. Хохирогчийн цалингийн зээлийг төлнө гэдгээ буруутай этгээд эрүүгийн шүүх хуралдаанд амалж байсан бөгөөд энэ талаар шийтгэх тогтоолд дурьдсан. Иймд энэ зээлийг би биш зам тээврийн осол гаргасан этгээд хариуцах ёстой гэж үзэж байх тул түүнийг хариуцагчаар сольж өгнө үү” гэх хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч буюу банк хариуцагч болох Доржийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, мөн хариуцагчийг солихыг зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг солих боломжгүй. Өөрөөр хэлбэл хэнд холбогдуулж нэхэмжлэл гаргах нь нэхэмжлэгчийн эрх бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй этгээдэд хариуцлага ноогдуулах эрх шүүхэд байхгүй.

Иймд хариуцагчийг сольж оролцуулах тухай  Доржийн гаргасан хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

 

      Хураангуйг бэлтгэсэн: Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгч П.Туяа

 

Холбоос

© 2023 он. Багануур дүүргийн шүүх. All rights reserved.