Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.12.06-ний өдрийн №113 шийдвэр
Шүүхийн шийдвэрийн тойм №04, 2023.04.21
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: “Энэ тойм нь бүрэн гүйцэт шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг оролохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.”
Дүүргийн прокурорын газраас иргэн Б-ыг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох чулуу хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хуульд хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдэхдээ зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн бол хүндрүүлэн зүйлчилдэг.
Шүүхээс Б-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тохиолдлын шинжтэй үйлдлээр буюу Улаанбаатар хотоос Өндөрхаан чиглэлд явж байх замд зогссон газраасаа замын хажууд газраас чулуу авч хохирогчийн толгой хэсэгт цохисноос эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б-ыг гэмт санаагаа хэрэгжүүлсэн гэмт үйлдэлдээ хүч нэмэгдүүлэх зорилгоор чулууг зориуд урьдаас төлөвлөж, тусгайлан олж бэлтгэсэн гэж үзэх боломжгүй гэж дүгнэн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэв.
Эрүүгийн хуульд энэ гэмт хэргийг үйлдсэн хүнд 10 сая төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульд заасан, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн амь насанд аюултай гэмтэл учруулсан, хохирогч хүний асаргаанд байгаа зэргийг харгалзан шүүгдэгч Б-д 6 жил 8 сарын хорих ял оногдуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгч Б-ээс цаашид хохирогчийн эмчилгээтэй холбоотой гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шийдвэрийг бүтнээр үзэх бол: https://shuukh.mn/single_case/83507?daterange=2022-11-01%20-%202023-04-17&id=1&court_cat=2&bb=1
Тойм бэлтгэсэн: Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Бямбажав.
© 2023 он. Багануур дүүргийн шүүх. All rights reserved.