Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос улсын төсөвт төлж байгаа мөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Шүүхэд нэхэмжлэгч гаргаж буй ямар ч этгээд маргааны төрөл, нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжилж буй мөнгөний үнийн дүнгээс хамааран улсын тэмдэгтийн хураамжийг хуулиар тогтоосон хэмжээгээр төлөх үүрэгтэй.
Хэрвээ улсын тэмдэгтийг хураамж төлөөгүй бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болдог.
Гэвч эрх нь зөрчигдсөн, эрхээ сэргээлгэх хүсэлт гаргаж буй нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөх мөнгөгүй, боломжгүй бол яах вэ?
Энэ асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулж өгсөн байна. Тодруулбал нэхэмжлэгч төлбөрийн чадваргүй болох нь түүний тайлбар, бусад нотлох баримтаар тогтоогдсон буюу хуульд заасан бусад үндэслэл байвал түүнийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлнө гэж хуульд заажээ.
Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэхдээ энэ талаарх хүсэлт болон өөрийн хүсэлтээ нотолсон баримтыг цуг хавсаргах нь зүйтэй.
Хуулиар яг ямар баримт бүрдүүлэхийг хуульчлан заагаагүй хэдий ч орлогын эх үүсвэртэй эсэх талаарх баримт байх шаардлагатай.
Хураангуйг бэлтгэсэн: Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгч П.Туяа
© 2023 он. Багануур дүүргийн шүүх. All rights reserved.