Иргэний Хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн Зуучлах ажиллагааны талаар

Монгол Улсын Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс хийсэн 10 ажлын үр дүнгийн нэг нь:  Шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлэх шинэ аргыг нэвтрүүлсэн. Шүүхийн бус журмаар маргаан хянан шийдвэрлэх аргуудаас эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь иргэд, байгууллагад илүү дөт, зардал багатай, цаг хугацааны хэмнэлттэйгээр түргэн шуурхай шийдвэрлэгддэг.

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг  Улсын Их хурлаар 2012 оны 5 дугаар сарын 22-ний өдөр баталж, 2013 оны 4-р сарын 15-ны өдрөөс мөрдөж эхэлсэн.

Хуулийн үйлчлэх хүрээ нь: Иргэний эрх зүйн маргаан, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан болон гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаанд эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэнэ.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бодвол олон шат дамжлагагүй, талууд бодит нөхцөл байдалд тохирсон шийдэлд хүрэхийн тулд харилцан ярилцаж, түүний үр дүнд аль аль тал нь сэтгэл ханамжтай үлдэж, санал нэгдсэнээр маргаан шийдвэрлэгдэж эвлэрлийн гэрээ байгуулагдана. Уулзалтыг олны өмнө буюу шүүх хуралдааны зааланд явуулахгүй, тусгаарласан өрөөнд хаалттай явуулснаар талуудын нууцыг хадгалах зарчмыг баримтлана.

Талууд  гэж эвлэрүүлэн зуучлах журмаар маргааныг зохицуулах хүсэлт гаргасан иргэн буюу хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй этгээдийг хэлнэ. Өөрөөр хэлбэл өргөдөл гаргагч, уригдсан тал 2-ыг хэлнэ.

Эвлэрүүлэн зуучлалын зорилго нь талууд өөрсдийн ашин сонирхолд нийцэх шийдлийг олоход эвлэрүүлэн зуучлагч дэмжлэг үзүүлж, талуудын хоорондын зөрчил маргааныг эвийн журмаар зохицуулна.

Эвлэрүүлэн зуучлалын үндсэн зарчим нь уг ажиллагаа нь талуудын сайн дурын үндсэн дээр хэрэгжих, талуудын аль аль нь тэгш эрхтэйгээр оролцох бөгөөд аливаа дарамт шахалтгүйгээр санал бодлоо чөлөөтэй ярьж тохиролцоно.

Эвлэрлийн гэрээ  гэж маргаан буюу тодорхой санал зөрөлдөөнтэй асуудалд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсны үр дүнд талуудын хооронд бичгээр хийсэн хэлцлийг хэлнэ.

Эвлэрлийн гэрээг баталгаажуулж шүүгчийн захирамж гарна. Шүүгчийн захирамж нь гарсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр болно. Шүүгчийн захирамжийг  шүүхийн шийдвэрийн нэг адил журмаар албадан биелүүлнэ.

Улсын тэмдэгтийн хураамжид 1 сая төгрөгөөс дээш  30.000 төгрөг төлнө, 1 сая төгрөгөөс доош төгрөгийн маргаантай холбогдуулж өргөдөл гаргавал нэхэмжлэлийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамж төлнө. Гэвч тэмдэгтийн хураамжийн 50 хувийг нь уригдсан тал төлнө, үлдэх 50 хувийг нь өргөдөл гаргагч татвараас буцааж гаргахаар захирамжид заагдана. Тэгэхээр өргөдөл гаргагч талд ямар ч хохирол гарахгүй.

Өргөдөл бүрдүүлэх баримт:

Өргөдөл гаргагч маргаанаа эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ харьяаллын дагуу уригдах талын оршин суугаа газрын, байгууллага бол байрлаж байгаа газрын хаягаар анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргана.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмаар зөрчил, маргаанаа шийдвэрлүүлэхэд өргөдөл гаргагч өргөдлөө, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргаж өгөх бөгөөд заавал нотлох баримт шаардахгүй, хэрэв нотлох баримт шаардагдвал хуулбарлаж өгнө, нотариатаар батлуулах шаардлагагүй.