ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ 2018 ОНД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир Төсвийн ерөнхийлөн захирагчийн хувиар дүүрэг дэх харьяа төсвийн байгууллагуудын дарга, менежерүүдтэй 2018 онд хамтран ажиллах үр дүнгийн гэрээг байгууллаа.Энэ арга хэмжээний хүрээнд төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэр аж ахуйн газрууд, босоо удирдлагатай байгууллага аж ахуйн нэгжүүдийн дарга, захирлуудтай 2018 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Багануур дүүргийн Шүүхийн тамгын газраас дүүргийн Засаг даргатай 2018 онд 16 төрлийн ажил арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхээр санамж бичигт тусгагдсан байна.

Эдгээрээс онцолбол Дүүргийн Засаг дарга Шүүхийн тамгын газарт тулгамдаж буй зарим асуудлыг Засгийн газар, яам агентлагийн түвшинд уламжилж шийдвэрлүүлэх, ажилтан албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, шүүхийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай байр, сургалтын танхимаар үйлчлэх, шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулахад хамтран ажиллахаар санамж бичигт тусгагдсан байна.

Шүүхийн тамгын газраас Боловсролын хөгжлийг дэмжих жилийн ажлуудыг дэмжиж оролцох,иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх,нутгийн өөрөө удирдах болон төр захиргааны байгууллага, иргэдийг шаардлагатай цаг үеийн мэдээ мэдээллээр тасралтгүй хангах,үйлчилгээний ая тухтай орчинг бүрдүүлэх зэрэг ажлуудыг хариуцан хэрэгжүүлэхээр болжээ.

Санамж бичгийг талууд оны эцэст хамтран дүгнэж үр дүнг тооцохоор үзэглэгдлээ.