ДУРСАМЖ СЭТГЭГДЭЛҮҮД

БАГАНУУР РАЙОНЫ АНХНЫ ШҮҮХИЙН ДАРГА АГСАН СОНОМДОРЖИЙН НАМНАНСҮРЭНГИЙН ДУРСАМЖ

Миний бие 1980 оны 2 дугаар сарын 1-нд Багануур районы анхны шүүхийн даргаар томилогдон ирж ажиллаж байхад Район нам захиргаа төр олон нийтийн байгууллагуудын Нэгдсэн контор баригдах тухай асуудал яригдаж байсан. Тэгэхэд барилга байгууламжийн төлөөлөгч гэж байсан Дэлдэнгийн Галбадрах гэдэг хүн намайг дагуулж, Багануурт барилга барьж байсан Зөвлөлтийн барилгын байгууллагын дарга Ковалёв гэдэг хүнтэй уулзуулж, шүүхийн байгууллага төрийн байгууллага учраас

Нэгдсэн конторт шүүхийн байгууллагыг оруулж өгөхийг хүсэхэд миний саналыг хүлээн авч, би конторын доторхи өрөө тасалгааны талаар саналаа өгөхдөө шүүхийн даргын 1, шүүгчийн 2, нарийн бичгийн даргын 1, тогтоол гүйцэтгэгчийн 1, бичээчийн 1, архивын 1, эд аж ахуйн склад 1, фото зургийн 1, ардын төлөөлөгчийн 1, шүүх хурлын заал 1, шүүх хурлын заалны ар талд зөвлөлдөх өрөө 1, мөн шүүх хурлын үед шинжээч, гэрч нарыг байрлуулах өрөө 1, 00-ын өрөө 4 байх ёстой гэдгийг санал болгож тэр үед ажиллаж байсан архитектур Д.Хишигдоржоор зураг төслийг зохиолгож өгч байсан түүхтэй.

Нэгдсэн конторын 3 давхар барилга барих нэгдсэн зураг төсөл гарч тэр зургийн зүүн талын доод давхарт шүүхийн конторыг барьж буй болгож, барилгын ажил дуусаж байгууллагууд ороход шүүхийн контор дотор тавих бүх л хэрэгслийг Зөвлөлтийн барилгын байгууллага хүлээлгэж өгч, нэгдсэн том зургийг Районы захиргаанд өгсөн болно .

БАГАНУУР ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ АСАН Ч.СҮРЭНЖАВ

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харъяат Хатгид овогт Чүлтэмийн Сүрэнжав Миний бие 1946 онд төрөөд 1969 оноос Хэнтий аймгийн шүүхэд шүүгч, Дорнод, Дорноговь, Хэнтий, Говьсүмбэр аймаг, Багануур дүүргийн шүүхэд дарга, ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад 2006 онд 61 настайдаа Багануур дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч байхдаа өндөр насныхаа тэтгэвэрт гарсан билээ. Тус шүхэд ажиллаж байх хугацаанд өөрт тохиолдож байсан олон тэмдэглэлт үйл явдлын дотроос зарим нэг дурсамжаас товчхон дурдвал:

Mиний анх ирэхэд Багануур дүүргийн шүүх нь Багахангай дүүргийг хамруулан хариуцдаг Ерөнхий шүүгчтэйгээ нийлээд 5 шүүгч, 3 нарийн бичгийн дарга, тамгын төлөөлөгч, ня-бо, жолооч, зарлага, жижүүр 1, бичээч зэрэг орон тоотой ажиллаж байлаа. 2004 оноос шүүгч бүрийг нарийн бичгийн даргатай, шүүгч, нарийн бичгийн дарга нар бичиг хэргийн асуудлаа өөрсдөө хариуцан гүйцэтгэх болсны зэрэгцээ ажлын ачаалалын зайлшгүй шаардлагаас үндэслэж, 1 шүүгчийн орон тоо нэмэгдүүлж шүүх 1 биш 4 жижүүртэй болж энэ бүхний үр дүнд шүүхийн төсөв эрс нэмэгдсэн юм. Төр засгаас авсан дээрхи арга хэмжээнүүдийн үр дүнд шүүхийн ажлын ачаалал эрс нэмэгдэж хэрэг, өргөдөл гомдлын тоо, хугацаа чанар ихээхэн өөрчлөлт гарч ажлын үзүүлэлтүүдээрээ дүүргийн шүүхүүдээс 2 жил дараалан эхний байруудад шалгарч шүүгч Д.Оюунбат, С.Жамсран, Д.Энхбаатар нар нийслэлийн тэргүүний шүүгч гэсэн алдар хүндийг хүртэж байлаа.

 

Манай хамт олон төвийн шүүхийн байгууллагуудын дунд жил бүр зохион байгууллагддаг хөнгөн атлетикийн тэмцээнд зэргэлдээх Налайх дүүргийн шүүхтэй нэг баг болон оролцож 3 удаа 2,3 дугаар байранд шалгарч байсан юм. Нийслэл болон УДШ-ээс явуулдаг ээлжит шалгалтуудаас байнга хангалттай гэсэн үнэлгээ авч байсны зэрэгцээ миний ажиллаж байсан 6 жилийн хугацаанд манай хамт олноос хэрэг зөрчилд холбогдсон хүн гараагүй бөгөөд өөрийн шүүх болон дээд шатны шүүхээс ажлын хариуцлага алдсан болон зөрчил дутагдал гаргасны улмаас арга хэмжээ авагдсан болон ажлаас халагдсан хүн гараагүй.

Дээрхи үзүүлэлтүүдээс хархад тус шүүхийн хамт олныг сэтгэл санаа нэгтэй, эвсэг, гар нийлсэн, нягтарсан хамт олон байсандаа гэж дурсан санаж байдаг юм.

Н.ЧАДРААБАЛ : БАГАНУУРЫН АНХДАГЧДЫН НЭГ НЬ БИ

Нүүрэнтэйн хөндийд усархаг бороо шаагисан зуны найртай өдөр манай гэр бүлийнхэн Багануурт анх нүүж ирж байсан юм. Ийм сайхан цэлгэр талд яасан том ширхэгтэй бороо ордог юм бэ? гэж сэтгэл баясан, “хувьтай хүн хур борооноор гэдэг” юм. Бид ёстой амьдрах газар нутгаа олж сонгожээ гэж олзуурхаж байсан тэр өдөр бол 1980 оны 8 дугаар сарын 1 байлаа. Их Нацагдоржийн төрсөн өссөн өлгий нутаг социализмын үеийн бүтээн байгуулалтын талбар болсон залуусын хотын өнгө жавхаа, ажил үйлс үнэхээр сэтгэл татам сайхан байж билээ. Энэ нутагт 1978 онд ил уурхай байгуулагдсанаар орчин үеийн суурин хотын үндэс тавигдаж, улмаар 1980 оноос Улаанбаатар хотын харъяанд Багануур раион гэсэн засаг захиргааны зохион байгуулалтанд орж төр захиргааны шинэ бүтцүүд бий болсон билээ.

Үүнийг дагаад раионы Ардын шүүх нэртэй 5-н орон тоотой байгууллага байгуулагдаж, шүүхийн даргаар н.Намнансүрэн, шүүгчээр миний бие, нарийн бичгийн даргаар н.Туул, тогтоол гүйцэтгэгчээр н.Пунцагдорж, цэвэрлэгч, үйлчлэгчээр н.Баярсайхан зэрэг хүмүүс ажиллах болсон юм. Тийм учраас би энэ нутгийн анхдагчдын нэг болсондоо бахархаж, шинэ хотын хөгжилд хувь нэмэр оруулсан хүн гэж хуучирхах дуртай болчихсон юм. Тэр үед Орос ах нарын нутгийн оршин суугчдаас бараг 4 дахин их байсан болохоор Европ соёл давамгайлж, ахуй нөхцөл амьдралын баталгаа хангамж өндөр, ажлын ачаалал үнэхээр хөнгөн байсан даа. Одоо л цагийн ая дагаж зарим хүмүүс Оросуудыг муу хэлэнгүй болчихсон болхоос биш үнэнийг хэлэхэд бид тэр үед Зөвлөлтийн хүмүүсийн алган дээр байсан юм. Идэх хоол, өмсөх хувцас, орох оронгоо тэднээр хангуулаад зогсохгүй, албан контор болон орон сууцныхан засвар үйлчилгээг хүртэл ах нараар л хийлгэж байсан даа. Би л лав Багануурт Оросуудтай хамт ажиллаж, амьдарч байсан он жилүүдийг хүндэтгэлтэйгээр дурсаж явдаг. Зөвлөлтийн барилгын ажилчидтай  шифийн холбоо тогтоож олон арга хэмжээ зохион байгуулаад зогсохгүй, баяр ёслолоо цугтаа тэмдэглэж дотносон олон найз нөхөдтэй болж самгон /нэрмэл архи/-ийг нь хүртэл хамт нэрэлцээд, хүртэлцэж явснаа мартах учиргүй. Ялангуяа 1981 оны шинэ жилээр Монгол талын өвлийн өвгөн болж Орос, Монгол айлуудаар бэлэг тарааж өөрийнхөө 3-н хүүхдийг онц сурсан гэж шагнал өгч байсан минь нэр төрийн хэрэг байв. Шинэ байгууллага учраас байр саваа төвхнүүлэх, хэвийн ажиллах нөхцлөө бүрдүүлэх, нутаг дэвсгэрийн оршин суугчдад хуулийн бодлого, зорилгыг сурталчилах, Ардын төлөөлөгчдийн зөвлөл байгуулах, хуулийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа  уяалдуулах, Олон нийтийн шүүхүүдийг зохион байгуулж мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллах зэрэг шүүхийн олон талт ажлуудыг богино хугацаанд гүйцэтгэсэн учраас нэг хэсэгтээ л чөлөө завтай байсан. Цөөхүүлээ боловч бид эв найртай хамт олон байсны гадна, манай дарга н.Намнансүрэн гуай, тогтоол гүйцэтгэгч н.Пунцагдорж гуай нар маань ажил амьдралын арвин баялаг туршлагатай, нуруу, нөмөр сайтай хүмүүс байсан болохоор ажил бүхэн асуудалгүй бүтдэг байв. Манай наяа /Намнансүрэн гуай/ тарваганд их явнаа. Сайн ч буудна.насны зөрөөтэй ч бид хоёр санаа их нийлдэг байлаа. Өөрөө их зөөлөн зантай нийтэч хүн байсан юм. Ганц жишээ дурдахад хоёулаа 1982 оны өвөл тэр үеийн Газ 53 маркын машинаар Дорноговь аймгийн шүүхийн туршлага судлана гэж яваад өвлийн идшээ олж ирж байсан. Хөгжилтэй нь гэвэл говиос нэг Тэмээг 550 төгрөгөөр худалдаж аваад, гэртээ ирж эхнэр, хүүхдүүдтэйгээ тооцоо хийхдээ 700 төгрөгөөр нэг Тэмээг нь авлаа гэж замынхаа сэржим өргөсөн зардлаа шингээж байж билээ. Мөн ажил албан дээр ч сонин содон учирлууд олон тохиолдож байсан. Тэр үед Зөвлөлт Монголын ганбат найрамдалд сэв суулгахгүй гэсэн бодлого шүүхийн ажилд тусч байсан даа. Нэгэн өвөл орон сууцны хэд хэдэн байрны халаалт муу байснаас иргэд дулааны төлбөрөө хасуулах нэхэмжлэл манай шүүхэд гаргалаа. Тухайн үед Сайд нарын зөвлөлийн тогтоолоор батлагдсан “Орон сууц ашиглалтын журам”-д айлуудын орон сууцны хэвийн дулаан 18 градусаас багагүй байх ёстой гэсэн заалтыг үндэслэн орон сууцны дулааны асуудал хариуцсан Зөвлөлтийн байгууллагад төлөх төлбөрөөс зарим айлуудад хөнгөлөлт үзүүлхээр шийдвэр гаргачихсан чинь Уурхайн намын хорооны нөхдүүд хэл ам гаргаж Хотын намын хорооноос чиглэл өгүүлж шийдвэрийг минь хүчингүй болгуулж намайг шүүмжлэлд өртүүлж байсан нь санаанаас гардаггүй юм. Цаг нь тийм байсан болохоор хэсэг хүмүүс баярлан гомдоод л өнгөрсөндөө хөөрхий. Ингэж Багануурт 2 жил гаруй хугацаанд ажиллаж амьдарсан болохоор дөлгөөн сайхан Хэрлэн гол, шувууд чуулсан Гүн галуут нуур, цэцэг алагласан Нүүрэнтэйн талд жаргалтай залуу насныхааа хөөр баяраар дүүрэн өнгрүүлсэн өдрүүдийг дурсахад таатай байна. Тэр цагаас хойш энэ нутаг улам өргөжин тэлж өнгөжин, жавхаажиж шинэ Монголын нүүр царай болсноор барахгүй Багануур дүүргийн шүүх маань том айл болон хөгжижээ. Дараа дараагийн үеийнхэний хийж бүтээсэн их ажлын үр дүнд орчин үеийн тохилог ажлын байртай, чадварлаг олон залуу хуульчдаар эгнээ нь өргөжиж харъяалах нутаг дэвсгэр, эрхлэх үйл ажиллагааны цар хүрээ нь тэлсэн Тойргийн шүүх болж байгааг харахад бахархууштай байна. Шүүхийн шинэчлэлийн хүрээнд тавьсан зорилтоо хэрэгжүүлж хүний эрх эрх чөлөөг тууштай хамгаалж шударга ёсыг дээдэлсэн эвсэг хамт олон байгаасай гэж та бүхнээс хүсэн ерөөе.

 

БАГАНУУР РАЙОНЫ АРДЫН ШҮҮХИЙН АНХНЫ ШҮҮГЧ АСАН БЭСҮҮД ОВОГТ НАМЖИЛДООГИЙН ЧАДРААБАЛ

 

Х.БАДАМЖАРГАЛЫН ДУРСАМЖ СЭТГЭГДЭЛ

Миний бие 1992 онд Хэнтий аймгийн Шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажилд орж 3 жил ажиллаад 1997 онд Багануур дүүрэгт гэр бүлийн хамт шилжиж ирээд мөн оныхоо  3 дугаар сарын 3-ны өдөр тус дүүргийн шүүхэд ажилд орж билээ. Дүүргийн маань шүүхэд  нягтлан бодогчийн орон тоо шинээр батлагдахад  анхны нягтлан бодогчоор нь ажиллах завшаан тохиосон нь энэ байлаа.

Тухайн үед Шүүхийн  ерөнхий шүүгчээр Д.Дамдин-Од гэж эелдэг атлаа зарчимч, нямбай атлаа энгүүн нэгэн байсан ба Д.Оюунбат, С.Жамсран, С.Оюунгэрэл нарын 4 шүүгч шүүн таслах хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор тамгын хэлтсийн төлөөлөгч Л.Жамсран, нягтлан бодогч Х.Бадамжаргал, нарийн бичгийн дарга П.Болормаа,  З.Энхтуяа , бичээч Г.Бямбаа, жолооч О.Чулуунбаатар, зарлага Л.Гандиймаа, үйлчлэгч

 

Л. Отгонтөгс, ахлах тогтоол гүйцэтгэгч Г.Тогооч, шийдвэр гүйцэтгэгч М.Нямжанцан, Л.Одгэрэл зэрэг 15 хүний бүрэлдэхүүнээр шүүхийн үйл ажиллагааг явуулж  байсан. Тэр үед шүүхийн тогтоол, шийдвэрийг бичгийн машин дээр бичиж гар бичмэлийн хамт хэрэгт хавсаргадаг, санхүүгийн тайлан тооцоо болон шүүн таслах ажиллагааны мэдээ тайланг тус тус гараар гаргаж нэгтгэдэг байлаа. Тэр үед компютерын сургийг ч сонсоогүй байсан юм. 2004 онд ШЕЗ-өөс 4 шүүгчид компютер тавьж өгсөн нь бичиг хэргийн хэрэглээ,соёлын түвшинг өөрчлөлтөд хүргэх эхлэл болсон гэж боддог. Тухайн үед эдийн засгийн хувьд чадавхитай компанууд компютерын хэрэглээг нэвтрүүлж эхлээд байсан үе л дээ.    Энэ талаар наргиан болгож нэгэн явдлыг дурсахад “Нэг шүүгч маань компьютер дээр ажиллаж эхэлж байхдаа буруу команд дарчихаад өө уучлаарай гэж компьютераас уучлал гуйж байсныг би харж бөөн инээдэм болж байлаа. Сүүлдээ шийдвэр гүйцэтгэлийн алба шүүхээс тусгаарлаж, шүүгчийн туслахын орон тоо нэмэгдэх зэргээр олон олон өөрчлөлтүүд бий болж байсан.

Би шүүхийн хамт олны дунд ажиллах явцдаа зарчимч шаардлага, ил тод шүүмжлэл, бусдыг хайрлан энэрэх, ухаан, шударга зан,  шуурхай, чирэгдэлгүй ажиллах зэрэг олон зан чанарыг суралцаж ирлээ.

Багануур дүүргийн шүүхэд 1997 онд тамгын хэлтсийн төлөөлөгч, нягтлан бодогч зэрэг орон тоо бий болж 1997-1999 онуудад Л.Жамсран,  1999-2005 онуудад Н.Батзориг, 2005-2011 онуудад А.Бямбажав, 2012 оноос эхлэн миний бие тус тус ажиллаж байна. Өнөөдөр тус дүүргийн шүүхийн тамгын алба нь 6 шүүгчийн шүүн таслах ажиллагааг хараат бус, бие даасан байдлаар хэвийн явуулах нөхцөл бололцоог хангах зорилгоор тамгын албаны дарга, нягтлан бодогч, компютерын мэргэжилтэн, мэдээлэл лавлагааны ажилтан, нярав үйлчлэгч, бичиг хүргэгч, шүүгчийн туслах 6, нарийн бичгийн дарга 2, жижүүр 4, жолооч зэрэг 19 орон тоотой ажиллаж байна.

Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөл байгуулагдан ажиллаж эхэлсний дараахан уг байгууллагын бүрэлдэхүүнд багтан ажлын нэг хэсгийг үүрэлцэн яваадаа би бахархаж байдаг юм.