Шүүхийн анхны байр

Багануур дүүрэг нь Улаанбаатар хотоос зүүн тийш 130 км-т Хэрлэн голын сав Нүүрэнтэйн хөндийд 62.020 га нутаг дэвсгэрийг эзэлж оршдог бөгөөд тус дүүрэг нь 30-аад мянган хүн амтай. Багануур дүүргийн Шүүх нь БНМАУ-ын / хуучин нэрээр/ Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1980 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 43 дугаар зарлигаар Багануурын районы Ардын шүүх нэртэйгээр байгуулагджээ. 1980 оны 9 дүгээр сарын 20-нд Багануурын районы Ардын төлөөлөгчийг сонгох сонгууль явагдаж 1980 оны 10 дугаар сарын 13-нд районы АДХ-ын анхдугаар чуулган хуралдаж шүүхийн дарга, шүүгч нарыг баталж Багануур районы Ардын шүүх нэртэйгээр байгуулагдаж районы захиргааны нэг давхар модон байшингийн хоёр өрөөнд байрлаж шүүн таслах ажиллагаа явуулж эхэлжээ. Багануурын районы Ардын шүүх байгуулагдахад дарга С.Намнансүрэн, шүүгч Н.Чадраабал, нарийн бичгийн дарга Г.Туул, зарлага үйлчлэгч Баярсайхан, тогтоол гүйцэтгэгч Р.Пунцагдорж нар ажиллаж байжээ.

1985 онд Багануур районы захиргааны байр баригдаж нэг давхрын зүүн хэсэгт нь Шүүх байрлах болсон байна.